Jun 30, 2013

"Халдун Хайрханы Тахилга" аян замын тэмдэглэл

Хүсэн хүлээж байсан, заавал явах ёстой тахилгуудын маань нэг болбоос энэхүү Халдун хайрханы тахилга билээ. Өвгөд буурлууд маань ч улаач намайгаа бэлдэн, бодол оюунаар чамгүй зүйл захьсан хэдий ч мунхаг улаач биелүүлсэн нь даанчиг хомс юм даа, өршөөгөөрэй. Ноднин миний бие энэ сайхан хайрханы бараа сүр харагдах газарт нь Өргөөний улаач, гишүүдийн хамт оролцож байсан талаар өмнө нь мутарласанг уншсан буй зээ. Түрүү жил түшээ болоод зураглаачаар оролцож байсан бол энэ удаад өвгөдөө залсан улаач болж оролцож байгаа минь энэ.
Өргөөнөөс зохион байгуулж буй тахилга бүрийд зохион байгуулах аравт хэмээх хүмүүсийг томилон, тэдгээр зохицуулагч хүмүүс нь үйл ажиллагаа, хөтөлбөр зэргийг боловсруулан оролцогч улаач, гишүүдийг удирдан үйлээ бүтээж заншаад байгаа билээ. Энэ удаад Багаа ахаар удирдуулсан аравт зохион байгуулалтыг хариуцах болсон ба миний бие энэхүү арван хүний дунд багтсан бөлгөө. Дээдсээс зааварчилгаа аван хөтөлбөр боловсруулж, өдөр хоногоо тогтон, бэлдэх зүйлсээ олны хүчинд хугацаандаа амжин бэлдэж дүүрсэн билээ. Аргын тооллын 2013 оны 6 сарын 15, 16ны өдөр Халдун хайрханы тахилгыг үйлдэхээр болов.

Явах замын байр байдлыг ажиглах, буудаллах газар болон бөөлөөнийхөө газрыг сонгохоор Дутахун зайранаар удирдуулсан гурван машин 14ны өдөр хөдөлсөн бөгөөд миний бие болоод зохион байгуулах аравтын хэсэг нөхөд маань хамт явав аа. 14ны өдөр эртхэн цуглаж хөдлөх байсан хэдий ч манай машин бага зэрэг саатсан тул үдээс хойшхоноо цуглалаа. Өглөө эрт босч авч явах зүйлсүүдээ бүгдийг нь сайхан бэлдэж баглаад машинаа ирэхийг хүлээнгээ “Саран зэв” хэмээх зохиолыг дахинтаа уншиж дуусгав. Хэрэв та Гэрлийн Өргөөний номын сан хэмээх буланд байдаг бол ЭНДЭЭС олж уншиж болно. Энэ зохиолоос таалагдсан хэдэн мөртийг ишлэн доор оруулав.

“Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа.”
 “             - Жанжин байх нь цэрэг байхаас юугаар хэцүү вэ?
                - Цэрэг бол дайснаа алж ч болно, олзолж ч болно. Харин жанжин хүн бол ямагт аврагч байх ёстой. Энэ л хэцүү
. “

Бусдаас илүү тархиа ажиллуулж, өөрөөсөө  илүү бусдыгаа боддог, нөөц бололцоогоо зөв ашиглаж оновчтой шийдвэр гаргаж чаддаг хүн л жинхэнэ удирдагч байдаг гэдгийг ойлгож эхлээд байгаа юм. Тэр хэрээрээ бусдын хүндлэлийг олдог бололтой. Өрх гэрийг авч явах, омог отгоо авч явах, улс гэрээ авч явах эл ард одоо цагт хэрэгтэй байгаа юм даа. Илүү юм нуршчихжээ, өршөөгөөрэй.

Хархорин руу явсан бүрэлдэхүүнээрээ ахин явав. Өмнөх удаа явахдаа хамаг байдаг сонингоо ярьчихсан ч юм уу ямартай ч дуу шуу багатай л явлаа. Зам зуур зогсож модны хаяа дахь модонд уясан хадаг, яндарыг тайлж шатаав. Эх дэлхий, газар шороо, уул усныхаа төлөө хэмээн шүтэн явах хэдий ч хог тарьж бузарлаж байдаг одоо цагийн энэ ёс жаягийг халахгүй бол ойгоор дүүрэн ёолкны модтой болох нь. Хадаг хэдий хүндэтгэлийн эд зүйлд ордог хэдий ч хэрээсээ хэтэрч хэтийдвээс ёсонцор болж байгааг анхаармаар юм даа. Шарын шашин орж эхэлсэн үеэс хойш л ийм ёсонцор үүсээд хүмүүс мэдэхгүй харгайгаар дагаж ёслонцор болгоод байгаагаас биш эрт цагт модонд хамаагүй эд зүйлс уяж сойх ёс байгаагүй л байлтай. Лус савдагт өргөл өргөж байна гэх нэрийдлээр арай л хэтэрүүлээд байх шиг. Яг нарийн яривал буриад бөөгийн ёс жаяг гээд байгаа юмыг манайхан их л сайн баримтлаад байгаа харагддаг. Таалагдаагүй зарим зүйлс байвал заавал гүйцээх албагүй шүү дээ. Хадаг уясанаараа хүндэлдэлж байгаа гэвэл том эндүүрэл шүү. Уулын модоор дүүрэн хадаг, овоогоор нь дүүрэн хадаг. Нөгөөдүүл нь илжирч ялзараад, сэвсийгээд аалзны тор шиг эвгүй гэдэг нь. Сэлэнгэд байдаг Ээж модыг харахаар өмнөөс нь бие өвдөх шиг. Ингэж байснаас шатчихсан нь хамаагүй дээр байхсан. Өөрийнхөө бие дээр та нэг бодоод үзээрэй. Энд тэндээс чинь хүлж байглаад амьсгалах ч боломж олгохгүй, судсыг тань хаагаад байвал чимээгүй үхжилт гэдэг чинь болно шүү дээ. Удаанаар тамлаж алж байгаагаас ялгаа юун. Эдийн засгийн хувьд ч дэмий зардал, хог болгож тарьж байснаас арай өөр зүйлд анхааралаа хандуулах хэрэгтэй мэт. Модонд уяагдсан хадагны талаарх өөрийн бодлыг сараачив. Авахыг нь аваад хаяхыг нь хаяна буй зээ, эргэж аялалдаа оръё.
Хадаг модыг хэрхэн сүйтгэж буйг харуулжээ. Фэйсбүүкээс олж хуулав.

Хур бороо тэгширээд хойшоогоо газрын гарц сайн гарч. Үе үехэн буудаллаж газар орноо шинжингээ, аажуухан тухтайхан явцгаалаа. Монголынхоо үзэсгэлэнт байгалийг бахдахгүй байхын аргагүй билээ. Зогсох бүртээ Хайрхан руугаа өргөлөө өргөж аян замыг маань дардан, ажил үйлийг маань бүтэмжтэй болгох болтухай хэмээн бодож сүсэглэж явав. Хойноос ирэх хүмүүсийнхээ зам мөрийг тэгшитгэж явах үйлийг давхар хийгээд байх шиг хэ хэ. Цаг орой болж наран шингэх үе таарсан тул бүгд цуглан цаашид хэрхэхийг хэлэлцэн ойролцоох өндөр дэнж дээр гарч хоноглохоор болов. Намаг шалбааг гол ус ихтэй газар шөнийн цагаар явна гэдэг эрсдлийг дагуулж байдаг учир энэ нь зөв шийдвэр болсон юм. Майхнаа бариад тулгын гурван чулуу олж тогоо тавин цай чанаж хоол хийж идэцгээлээ. Ил гал дээр болсон цай, хоолны амттайг ч хэлэх үү, хөвч хангайдаа тааваараа байхын сайхныг мэдрээд ч тэр үү “эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг үг санаанд орж байв. Эл өдөр дууны багшийн маань хорвоод мэндэлсэн өдөр байсныг дуусахаас нь гучин минутын өмнө мэдээд тэрүүхэндээ бяцхан “баяр” тэмдэглэж нэг хайрцаг бон бон тойруулж хүртэцгээлээ. Бяцхан түүдэг галын дэргэд хэвтээд тунгалаг шөнийн тэнгэрт мэлтэлзэх атгаад авахад ч ойрхон харагдах оддыг ажин суухын таатайг ч хэлэх үү, одод холбогдох дүрсийг ажингаа дэргэд хэвтэх үеийн хоёр залуустай элдвийг хөөрөлдөн хөгжөөнтэй байв. Тэр шөнийн тэнгэрт түгсэн одод үнэхээр л мэддэг нь, чаддаг нь юм бол харамгүй мэдээлэл авч болно гэсэн юм шиг тодоос тод гэрэлтэж, ойроос ойр харагдаж байсан юм.

Үүрийн гэгээнээр Аби эгчийн чанга дуунаар сэрэв. Хэдий гурав дөрөвхөн цаг унтсан боловч хангалттай амарч чадсан байлаа. Хурааж цуглуулсан модоо ачаад голын хажууд бууж унд цайгаа уухаар тогтоод хөдөлцгөөлөө. Өргөн хөндийнөө буусан мананг өндөр толгодоос уруудахдаа ажин байгалийн энэ л зохицолыг бахдан бахдан явахнаа ургах нарны алтан туяаг уулын дээрээс угтан үзээд зорьсон үйлийг маань бүтээж зам мөрийг минь дардан байх болтухай хэмээн далай цагаан сүүгээ даялуулан даялуулан өргөж дуудлагат үгсээ хэлэн алтан наран эжийгээ хурайлан хурайлан тослоо. Голын эрэг дээр ил гал дээр борцтой будаатай цайгаар ундаалж цайлаад эхний босго даваа дээр очлоо. Биднийг очихтой зэрэгцэн үүлэн хөшгөө нээн хайрхан уул маань бараа сүрээ харуулсанд бид ихэд бэлэгшээлээ.  Зам гайгүй байвал цаашаа хоёрдугаар босго руу очих үзэхээр явж байтал замд хоёр бор гөрөөс бидний эсрэг давхиад өнгөрөв. Цаашаа явах тусам зам түвэгтэй болж бид ч буцаж явав. Ингээд ноднингийн бөөлөөн болж байсан газар очиход урд явж байсан багшийн машины өвөр, урдуур нь чоно шургаж үзэгдсэн байна. Бор гөрөөс биднийг буруу явж байгааг харуулж бидний эсрэг явж үзүүлсэн бол чоно биднийг зөв газраа ирсэний тэмдэг болгож үзэгдснийг дараа нь тайлцгаалаа. Ингээд чоно үзэгдсэн тэр газар бүгдээрээ буудаллахаар болов. Хойшоогоо хайрхан уул маань харагдсан, урагшаагаа тунгалаг горхи урссан цаанаасаа үйлэнд урьтаар бэлдсэн юм шиг сайхан газар байлаа. Бүгд Хайрхан уулнаа өргөлөө өргөж есөнтөө мөргөж хүндлэл үзүүлцгээлээ. Ноднин миний бие “энгийн” байхдаа Халдун хайрханаа ирэх хувь тохиож байсны ачаар энэ жил очиход ямар байсантай харьцуулах харьцуулалт хийх сайхан боломжтой болж байгаа юм. Дээдэс тэргүүтэй нийт арван дөрвөн улаач түрүү жил Халдун хайрханы амийг тэтгэх бөөлөөн хийж байхад “энгийн” байх үеийнхээ тархинд буусан Хайрханыхаа дүр зургийг улаач болсныхоо дараа очиж хараад харьцуулахад тэс ондоо байв. Хайрханы бараа ноднингийнхоосоо том, басхүү “гэрэлтэж” байсан нь надад бол илт харагдаж байсан юм. Амь нь сэргэсэн Хайрханы дээр Алтанхуяг ноцоод ч амжилтыг эс олох билээ хэ хэ.

Үдээс хойшихноо манайхан ирцгээлээ. Тахилгын хөтөлбөр бага зэрэг өөрчлөлт орсон тул орой болох галын тахилгад хэрэг болох түлээ түлшийг зөөн, бургасан дундаас унасан мөчир, үндэс зэргийг түүцгээн бөөлөөний талбарт түүдэг босгох ажилыг олны хүчээр гялс амжуулав. Тэр үес тэнгэр хангай хур хишгээ хайрлаж хоёронтоо давхар солонго татаж, үүлс өнгө өнгөөр үзэгдэх нь удаан хүлээсэн үрсдээ хамаг сайхан бүхнийгээ дэлгэх эх хүн шиг мэдрэгдэж, бид ч чадах бүхнээ харамгүй хийхийг хичээцгээлээ.  

Галын бөөлөөнөөр гал дээр юу байгааг харах даалгаварыг Дээдэс улаач нар өгсөн билээ. Дуудлагаа гурван гурвын есөн удаа хэлээд зээ татан хүрээгээ бэхэтгээд өвгөдөө залцгаалаа. Баруун талаар босоод удаагүй улаач болоод энгийн гишүүд зонхилон суусан бол зүүн талаар угаа залаад жил гарсан болон жил дөхөж буй улаач нар тойрон сууцгаасан байв. Толгой Дээдэс маань залраад Хайрхан зүг гурвантаа мөргөөд уртаааааас урт магтаал уншсан юм. Хэц нүдэнгээ аялгуулуулан магтаал хайлж ундаалах ч завгүй үйлээ хийлээ. Олон онгод Дээдсүүд түүдэг гал дээрээ эргэлдэн эргэлдэн бүжицгээж байсан билээ. Сүүлд бичлэг үзэж байхад түүдэг гал тойрсон хуй эргэлдэн тойрч байсан нь тод үзэгдэж байсан. Түүдэг галын бөөлөөний үеэр надад том улаан (галан) морь түүдэг гал тойрч байгаа нь л харагдсан юм. Дээд өвөг эцэг маань зүүн талаас голд очин түүдэг галаа тойрон бөөлж дөрвөн талаас нь хүндэтгэн мөргөчихөөд хойшоо Хайрханы эздэд мөргөж хүндэтгэл үзүүлж үйлээ дүүргэчихээд мордсон юм. 
Галын тахилгын сүүлээр бүгд түүдэг тойрон сууцгаан бүжигч онгодуудыг залан бүжиглүүлэн, дуу хуураа өргөцгөөн найрлав. Дээдэс дууны талаар, дуугаар юуг засч юуг тэтгэж болохыг бүгдэд хэлж зааж өглөө.

Маргааш өглөөний морин цагтаа хайрхан болоод лусын тахилга эхэллээ. Шинэ хөтөлбөр ёсоор хайрханы тахилгын дараа тахилгад оролцогсод цуглан найрлацгаагаад, нарны эрт дээр гэрийн зүг явах ёстой байсан билээ. Энэ удаад миний бие хийх ажил болоод харж тандах, учирлан магадлах зүйлс байсан тул буурлуудаасаа асуун лавласны эцэст хуяглаж үйлэнд оролцоогүй юм. Улаач үр нь замбын үйлээ хийхийн сацуу эцэг өвгөд минь их үйлэнд дэм болж хүчээ өргөсөн буй зээ. Гал түлж чулуу улайсгангаа хуягтан олны үйлээ хийхийг бахдан харах сайхан байлаа. Үйл өндөрлөх үед өөрийн эрхгүй хайрханы зүг хүндэтгэн есөнтөө мөргөв. Эцэг өвгөдийн түүхийн өлгий энэ сайхан Хайрханаа тахин үйлээ дүүргэсэн Өргөөний улаачид дуу хуураа өргөн баясан цэнгэцгээн нарны эрт дээр өрх гэрийн зүг хүлгийн жолоо татацгаалаа. Энэхүү тахилгыг зохион байгуулагч Багаа ах болоод аравтын гишүүддээ баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Буцах замдаа түүхт газруудаар аялан “нүд тайлан” явсаар нэг өдрийг дурсгалтай, дурсамжтай, сонин хачин ихтэй өнгөрөөсөн билээ.
Тахилгын зургуудыг ЭНД ДАРЖ ороод үзээрэй.


Цаашид Өргөөнийхний маань явсан үйл болгон нь бүтэж, алигуун цалигуун инээд хөөрөөр дүүрэн байх болтухай. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР.

No comments:

Post a Comment