Apr 28, 2013

Хээрийн бөөлөөн, Хээрийн бөөлөөн, Анхны тахилга

Зэээээээээ, нийтлэл бичилгүй мөн ч их удаж дээ. Уг нь нэг нийтлэл бичиж эхлээд дундаасаа ерөөсөө олигтой явдаггүй. Бодвол болохгүй л зүйл байсан бололтой хэ хэ. За тэр ч яахав. Энэ нийтлэл дээр анхны нийтийн бөөлөөн болон анхны тахилгад оролцсон дурсамжаасаа хүүрнэн бичихээр шийдлээ. Бүх зүйл нь анхны анхны гэсэн тодотголтой болохоор их сайхан дурсамж үлдэж.



Луу жилийн хаврын дунд сараас хойш Өргөөнөөс олон ч улаач өөрийн Өндөр Дээдсүүдтэй алдхан биендээ залсан байлаа. Их бага гэлтгүй ихэнх нь "улаачийн эхний даваа"-нд орчихсон байсан байх. Би ч гэсэн ялгаагүй энэ давааг туулж үзсэн болохоороо сайн мэдээд байна аа хэ хэ. Энэхүү эхний давааг давсан нь урагш алхаж, унасан нь хойно үлддэг нь жам юм даа. Ганц ганцаар одвоос бусдын амархан "идэш" болох  болон хөгжихөд хугацаа их алдах магадлалтай. Харин олон олноороо нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилгын дор нэгдэж чадваас хурдан хүчээ авахаас гадна үйлээ хийхэд тус дэмтэй болох билээ.
Ихэнх нь "нялх" улаач нар байсан болохоор түргэн хугацаан буурал дээдсүүдийн хүчийг нь авахуулж улаач нарыг сургах зорилготойгоор Дээдэс маань хээрийн бөөлөөн хийж байхаар болсон юм.

Гэрлийн Өргөөний анхны Хээрийн бөөлөөн 6 сарын 26ны өдөр Тэрэлжийн тийшээ голын эргийн тэгшхэн сайхан талбайд боллоо. Юутай ч орон хангайн эзэд лус савдагт өргөх сүү боорцог аваад өргөөний гишүүний унаанд нь дайгдаад бөөлөх газраа очив. Очоод хангай дэлхийдээ өргөл юугаа өргөчихөөд Өргөөнийхөө улаач нарыг хуяглахыг нь ажин нүд хужирлаад л бахтай сайхан байлаа хэ хэ. Эцэг өвгөдийнхөө эдлэлийг сэтгэл зүрхээ шингээн байж сайхан урласан нь мэдрэгдэж байсан юм. Ихэнх улаачид түшээгүй ирсэн болохоор дагаж ирсэн зарим нь түшээ хийхээр болж миний бие анх удаагаа онгодын түшээ хийж үзсэн минь эл өдөр тохиов. Ингээд Харзэд зайрангийн өндөр дээд буурлуудынх нь түшээ хийхээр боллоо.

Улаачид маань хуяглаж дүүрээд тойрог болон зогсоод "Тэнгэр Монгол Газар" Дуудлагаа есөнтөө дуудаад бөөлөөн эхэллээ. Энд тэнд хэцний дуу дуугараад ч юм уу анх удаа түшээ хийж байгаадаа догдлоод ч юм уу эхэндээ их сандрав хэ хэ. Гурвалжин хэц барин бөөлөх өндөр залуу хормын төдийд хэд эргэлдээд л бөгтгөр нуруутай хөгшин буурал болж хувирав. Улаачдаа залраад буй буурал дээдсийн амар мэндийг нь мэдэж суух суудал олбогт нь залах нь түшээ хүний нэг үүрэг билээ. Өндөр дээдийг олбогт нь залаад амар мэндийг нь мэдэж аагтай шаргал цайгаа барилаа. Анх удаагаа түшээ хийж байсан болохоор мэнд мэдээд л, ундаалга дөхүүлж өгөхөөс өөр зүйл мэдэхгүй байв. Ер нь бол үг дуугарахаас эмээгээд олигтой ч зүйл хэлж чадаагүй юм. Туршлагаасаа хуваалцахад түшээ хүн онгод тэнгэрийг хүндэлж, хүндэтгэж, сайтар хөөрөлдөж байх хэрэгтэй юм байна лээ шүү. Онгод биежиж хүч чадлаа авахад нөлөөлөх маш том хүчин зүйлүүд нь улаачийн хичээл зүтгэл, түшээ орно.  Түшээ хүн ер нь мэдлэг сайтай, ёс суртахууны хувьд өндөр байх хэрэгтэй гэж боддог. Бас олон дуу мэддэг байвал их сайн хэ хэ.

За ингээд өөрийнхөө хувьд хийх зүйлээ хийчихээд бусдынхаа хэрхэн онгодоо залж байгааг ажив. Эндээс нөгөө "Бөө бүрийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр" гэсэн үгийн утгыг бүрэн утгаар нь ойлгосон доо. Дээдэс тойрогийн голд бөөлөн Эзэн Богдыг залав. Нэг юм нэмж хэлэхээ мартаж. Дээдэс маань бөөлөөнөөс өмнө ойр орчимын газарт хүрээ хамгаалалтыг нь татаж, үүний ачаар манайхан элдэв бусын зүйлд санаа зоволтгүйгээр Өндөр Дээдсүүдээ залж байсан юм. Онгод тэнгэрийнхээ хүч чадлыг бүрэн агсаж амжаагүй байгаа улаачийн хувьд хээр хөдөө дур мэдэн гарч бөөлөх нь элдэв дээдийн зүйлийн дайрлагад өртөх магадлал тун өндөртэй байдаг билээ.
Эзэн богд залраад улаачийнхаа гутлыг тайлаад тойргоор суусан улаач бүрийн урд очиж шалгаж байсан юм. Заримыг нь дэмнэн заримтай нь хөөрөлдөн, онгод тэнгэрээ залж чадахгүй байгаад нь туслаж, онгодын том хөөргийг бүх улаачийн буурал дээдсүүдэд хөөрөглүүлэв. Энэ хөөрөгний тамхи нь их сайхан үнэртэй, их ч шидтэй хүчтэй эд дээ хэ хэ.

Бөөлөөн өндөрлөж бүгд нэгэн том модны доор цуглаж хөөрөлдцгөөв. Энэ өдөр цаашид их үйлийг бүтээлцэх маш их хүндтэй зочин морилон ирсэн ба түүний хэрхэн Дээдэстэй холбогдсон, учирсан, уярсан сэтгэгдэл бүхий сонирхолтой түүхийг нь сонсож, аялгуут сайхан эгшиг дууг нь сонордон уяран хайлан сувдан нулимсыг бөмбөрүүлэн суусан билээ. Энэ цагаас эхлэн улаачдад "Уртын дуу" сурах даалгавар нэмэгдсэн билээ. Ямар ч байсан би одоогоор ганц хоёр уртын дуу аялаж сурчихаад байгаа. Манай нэг дээдэс маань уртын дууг их эвлэгхээн сайхан дуулчихаад байдаг юм. Заримдаа миний мэдэхгүй дуу аялана. Юманд эв дүй, хичээл зүтгэл их хэрэгтэй байна лээ шүү. Сурах зүйл их байна аа.
Сурсан мэдсэн, үзсэн, сонссон зүйл ихтэй дурсгалтай дурсамжтай сайхан өдөр байсныг эцэст нь дүгнээд биччихье.

Анхны хээрийн бөөлөөнөөс удалгүй дараагийн хээрийн бөөлөөний тов зарлагдав. Энэ бөөлөөнд Гэрлийн Өргөөний гишүүдийг оролцуулж нарны бөөлөөн хийсэн билээ.
Луу жилийн 6 сарын 29ны өдөр Найрамдал зуслангийн тэнд Гээгэл хатны өргөө гэрт удаах хээрийн бөөлөөн болохоор болов. Гадна дотны зочин болоод хөл хөдөлгөөн ихтэй бужигнаад л сайхан байв. Бөөлөөн эхлэхээс өмнө Гээгэл хатны өргөөнд бултаараа хооллож ундлаад, өөрсдийгөө танилцуулан хөөрөлдцгөөв. Дараа нь Дээдэс нарны бөөлөөн хийв. Тэр өдөр надад зурагчин хийх үүрэг оноогдсон бөгөөд чадах чинээгээрээ  үйл явдлыг баримтжуулахыг хичээн ажиллав. Нарнаас цугласан олон маань эрчим аваад улаач нар маань бөөлөөгөө эхлэв ээ. Шинээр ирсэн улаач нараас нэг ах их танил харагдлаа. Өмнө нь өргөөнд Зөвлөхтэй 2 ч удаа уулзаж байсан шийдэмгий байрын харцтай ах байв.
Энэхүү ах маань:
Өндөр дээдийн хүслийн зүйтэн
Өргөөний олны анд нөхөр
Түмэн цэргийн урд уухайлан дайрах баатар
Төр улсын баганыг түшилцэх түшиг тулгуур... билээ.

Орон хангайн эзэд лус савдагтаа өргөлөө өргөж дөрвөн зүг найман зовхист зүг бүрт байрлах Тэнгэрүүдэд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслоод бөөлөөгөө эхэллээ. Би ч ажилаа хийн улаач болгоны хэрхэн бөөлж буй зургийг нь авч байлаа. Нөгөө ахын Өндөр дээд буурал нь эв хав, эрч хүч, сүр хүчийг гайхуулан улаачдаа залрав. Харахаар л салхи татуулан хурдалж яваа шандас хурдан хүлэг хүлэглэж байгаа мэт л санагдаж байсан юм. Уран сайхан биелэх бүрт нь хуяган дээрх хонхнууд нь дэм өгөн эгшиг хөг нэмэх мэт.
Дээдэсийн тойргын голд уран сайхан хөдөлгөөнөөр бүжин бүжин бөөлөхийг харах үнэхээр бахархалтай байв. Тэнгэрт дүүлэн нисч яваа жигүүртэн олзоо шунган шүүрэн авч байгаа мэт, газарт хэвтэх араатан мярайн сунах мэт...

Дууны багш маань сайхан аялгуу барьж буурал дээдсүүдийг баясгана. Орой нь гал түлж гал дээр сийлэн буурлуудаа баясацгаан дараа нь сарны бөөлөөн хийв. Саран эжий хамаг сайхнаараа мишээн баясан гийн бидэнд эрчимээ харамгүй хайрлаж байв. Энэ шөнө өргөөний улаачийн маань буурал нь хуй салхийг эрчилүүлэн хүч чадлаа үзүүлэн улаач дээрээ заларсан билээ. Намуухан тогтуун байсан шөнө хамаг майхныг хуу татсан тийм л хүчтэй салхиар хөлөглөн улаачдаа залрав. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг. Хамаг олноороо хичээн хоолойныхоо хэрээр эгшиг аялгуу барьсан билээ.
Галын дэргэд бүгд тойрон хөөрөлдөж ганц аяга нэрмэл тойруулан хүртээд унтаж амарцгаав. Өргөө гэртээ биднийг урин аятай тухтай байлгасан Гээгэл эгчтэй дашрамд талархсанаа дахин илэрхийлье.

Онгод тэнгэр хүн байсан. Сэтгэлтэй зүрхтэй, уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж, гунихдаа гуниглаж, гомдохдоо гомддог. Бидэнтэй л адил. Өөрийнхөө алдаанаас сургамж болгон захихад хэзээ Онгод тэнгэрээр тоглоом наадгай хийж байгаараа. Санамсаргүй унагасан ганц үг ч гэм болдог шүү. Үгээ цэгнэж үйлдэлээ хянаж сурах хэрэгтэй.

За ингээд удаан хугацааны турш хүсэн хүлээж байсан өдөр маань ирэв. Энэ өдрийг насан туршдаа хүлээж байсан ч юм шиг сонин мэдрэмж хэ хэ. Заавал явах ёстой гэсэн бодол анх сонссон цагаас л бодогдоод байдаг байсан юм. Халдун хайрханыг тахих тахилга. Өргөөний анхны, миний ч анхны оролцсон тахилга. Явах өдөр гэнэт товлогдон хурдан шуурхай бэлтгэлээ базаах хэрэг гарав. Аян замд явахад их зүйл хэрэгтэй юм байна лээ шүү. Дулаан хувцас, аяны мишок, майхан, газ-аар ажилладаг плетика (буруу бичсэн байж магад), ойр зуурын ахуйн хэрэгсэл, аяга халбага, муудахгүй хүнс гэх мэт. Дулаан хувцаснаас монгол дээлтэй явсан нь оновчтой юм байна лээ.
Тэнгэрийн тааллаар Тэнгэрийн Заадас улаач эгчийн маань дүү машинтайгаа явахаар болж надад суудал олдов хэ хэ. Мөн энэхүү үйлийг баримтжуулах зорилгоор Ундрах эгч маань надад өөрийн мэргэжлийг зургийн аппратаа өгснөөр миний бие түшээ болон зурагчны үүрэг тахилгад оролцвой.

7 сарын 4-ний өглөө эрт цуглаж хөдлөх байсан тул бүхэн зүйлээ бэлэн болгочихоод үүрээр замын хажууд суун унаагаа ирэхийг хүлээн суув. Зарим нь явах замдаа намайг сууж байгааг харсан гэсэн хэхэ. Цуглах газартаа очоод л би зурагчныхаа ажлыг хийж эхлэв. Цугласан олон ч бүрдэж Халдун хайрхан руу хөлгийн жолоо татлаа. Замдаа үе үе буудллан хоцорсон нэгнийгээ хүлээн явав. Өмнө дурдсанчлан өөрийнхөө мунхагаас болж гаргасан алдаагаа бөөлөөний үеэр Өндөр дээдийг нь залрахаар очиж өршөөл эрье гэсэн бодол тээн улаачийг нь эгцлэн харж чадахгүй эмээн явж байв. Гэтэл зам дунд тэр улаачийн Өндөр дээдүүд нь хилэгнэн улаачаа ихэд зовоожээ. Иймийн учир зам дунд түр саатан Дээдэс тэр улаачийг ухаан оруулж хөшсөн биеийг нь хэвэнд нь оруулах гэж үзэв. Ингээд учир явдал дэлгэгдэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур миний бие очиж буурлуудаас нь өршөөл эрэн зуун наймантай мөргөв. Миний мунхагаас болж улаач ингэж зовж байгаад миний санаа ихэд зовж дотроо улаач үрээ хайрлан шийтгэл юуг нь би үүрье хэмээн бодон мөргөж байсан юм. Тэгээд Дээдсээс гурвантаа ташуурын жавтий хүртэхэд сэтгэл хөнгөрөөд сайхан болж билээ. Дээдэс ч удалгүй нөгөө улаачийг зүгээр болгож аян маань үргэлжлэв ээ.

Зорьсон газартаа хүрээд майхан саваа бэлдэж дүүрээд Дээдэс улаач нарыг цуглуулж хуралдав. Дашрамд дурдахад бид Хайрханы бараа харагдах газраас тахьсан болно. Хайрханы тахилга хийнэ гэчихээд орой дээр нь гараад хог новш овоолдогийг тахилга гэж лав хэлэхгүй. Хайрханы эздийг баясгах биш бүүр хилэгнүүлэх билээ. Улаачдыг цуглуулаад тухайн газрынхаа амийг мэдрэх эхний даалгаварыг Дээдэс өглөө. Мэдэрсэн бүхнээ улаач нар маань хэлж эцсийг цэг Халдун хайрхан маань амьгүй, унтаа байдалтай байгаа дээр ирэв. Яагаад Монголын төр улсыг тэтгэж байх энэ том Хайрхан амьгүй байна вэ? Яагаад уул усны эзэн лус савдаг нь унтаа байдалтай байна вэ?
Манай төрийн томчууд тахилга хийж, олон бөө нар очиж тахилга хийдэг байсан ч яагаад өдий болтол ийм байдалтай байна вэ? Амийг нь сэргээх биш улам доройтуулах үйл яагаад хийгээд байгаа нь цаанаа гадны маш том бодлого байгаа мэт???

Ингээд бөөлөөний зорилго маань тодорхой болов. Халдун хайрханы амийг сэргээн уул усны эзэн савдгийг сэрээж хүчийг нь авахуулж үйлэнд нь шамдуулж төр улсаа түмэн олноо даатгах ийм л том үйл хийхээр болов.
Бөөлөөний газартаа ирэн бүгд хуяглан алтан нар, эргэн тойрноо хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслож өргөлөө өргөөд бөөлөөгөө эхлэв. Бөөлөөн эхлэхэд бидний эргэн тойронд дуу цахилгаантай аадар бороо орж байсан ч бөөлөөний газар чийгтэй салхи үнэртэхээс өөр зүйлгүй байсан нь их гайхалтай. Эзэн богд маань залран өргөөний улаач нар Өндөр Дээдүүдээ залан бөөлөөгөө хийж байв. Би ч түшээ хийнгээ зургаа дараад л ажиллаад байв :) . Эзэн богд Халдун хайрханы зүгтээ мөргөн хүндэтгэл үзүүлж гутлаа тайлан газар хөрвөөж байгаа нь "Төрсөн нутаг, унасан газартаа очиж нэг хөрвөөх юмсан" гэдэг хөгшчүүлийн яриа санаанд бууж байсан юм. Үнэхээр л төрсөн нутаг, унасан газар угаасан ус гэдэг нь хэнд ч хамгаас үнэтэй хамгаас чухал байдаг билээ. Онгод тэнгэр ч нутгийн тахилга хийж хүчийг арвинтай хураадаг гэдэг оргүй ч зүйл биш биз ээ.
Дууны багш маань "Эртний сайхан" хэмээх үг, айзам хэмнэл нь төгс тэрхэн аялгуут эгшигээ барив. Дараа нь Эзэн богд улаач нарын өмнүүр явж Өндөр дээдүүдтэй нь уулзаж байсан юм. Тэр болгоны агшинг дүр зурган үлдээсэн. Үүнийг Чингисийн Монгол хуудаснаа үзэх боломжтой. 
Бөөлөөн дуусах үед бид хураар үдлүүлсэн билээ. Байрлаж буй газраа ирээд улаачдыг цуглуулан ахиад мэдрэх даалгавар өгөв. Өмнөхөөсөө юу нь өөрчлөгдөж ямар мэдрэмж төрж байгааг, газрын судас лугшиж байгааг мэдрүүлэв. Орой нь бүгд сарын бөөлөөн хийлээ. Түүдэг гал дээр сийлэн онгод тэнгэрээ баясцгаав.


Маргааш өглөө нь бөөлөөнийхөө газарт очиж буурал дээдсүүд болон орон хангайгаа баясган нарны бөөлөөн хийцгээв. Тэгээд зураг хөргөө даруулах нүсэр их ажил өрнөв өө хэ хэ. Бүгд Дээдэстэй зургаа авхуулж, улаач нар хуягтайгаа болон түшээ нартайгаа, нийт олноороо гэх мэтээр дурсгалын зураг татуулав. Нийт олноороо зураг татуулахад зурагчин нь үлддэг юм байна лээ шүү :P .

Ийнхүү үйлээ сайхан дүүргэчихээд гэрийн зүг хөлгийн жолоо татав. Замаараа Бүрги Эрэг хэмээх газарт саатан Дээдэс Лус ээжийг залан үйл хийв. Тэр агшин дүрсжүүлэн баримтжуулсан болно. Цаг нь болохоор нийтэд дэлгэх биз ээ.

Дээдсийг үйлээ хийж дуусах үед голын ус буцлах гэж байгаа юм шиг л долгилон байсан билээ.

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Юм бүхний эхлэл нь хамгаас чухал билээ. Хээрийн бөөлөөнөөс бөөлөөн болгонд, тахилгаас тахилга болгонд бид шинээр суралцаж, алдаа дутагдал дээрээ анхаарч, ололт амжилт дээрээ олзуурхан улам сайжиран туршлагажсаар ирсэн.  Цаашдаа ч улам дээшилсээр байх болно.
Эцэст нь энэ их үйлийг эхлүүлсэн Дээдэстээ болон Өргөөний бүхий л ЧИН сэтгэлтэнгүүддээ гялайж явдагаа илэрхийлье.
Мөн Тэнгэрийн Заадас эгчдээ болон түүний дүүд талархснаа дахинтай илэрхийлье. :)

1 comment:

  1. Сонирхолтой юмаа. Баярлалаа.

    ReplyDelete